Search

 
  • Empty basket...
Boldbayar.G

Boldbayar.G

Далайцагаан овогт Гомбожавын Болдбаяр нь 1963 оны 04 сарын 27 нд Дорноговь аймгийн Сайншанд хотын 1 төрөхөд Гомбожавын 3-р хүү болон мэндэлсэн. Бага насандаа аав ээжийн гар дээр хүмүүжин бойжиж байгаад 1971 онд нийслэлийн 20-р дунд сургуулийн 1-р ангид элсэн орж суралцсан. 1974-1978 онд Монголын Хүүхдийн Пионерын Ордоны зургийн дугуйланд Н.Энхболд багшийн удирдлагад амжилттай суралцан төгссөн. 1971-1981 онуудад Төмөр замын 20, 51-р дунд сургуулиудыг 8, 10 ангийг төгсөж, 1981-1988 онд Бүгд Найрамдах Болгар Улсын Үндэсний Урлагийн Академд профессор Петр Чуклевын урланд суурь зураасан зургийн мэргэжлээр суралцан төгссөн болно. 1988-1989 онд УБ хотын Урчуудын Эвлэлийн Салбарт зураачаар ажилласан. Г.Болдбаяр нь 1988 оноос уран зураг буюу тосон будгийн төрөл, зураасан зургийн төрөл болох хулдаасан бар, төмөр бар, модон бар, чулуун бараар бүтээлээ туурвиж ирсэн ба 2015 оноос шинэ зургийн төрөл болох /Ice technology / Мөстүүлэн зурах арга барилаар бүтээлээ дагнаж бүтээсэн. Мөстүүлэн зурах арга барил нь нойтон техник бөгөөд цельсийн -3 хэмээс -8 хэмийн хүйтэн нөхцөлд бүтээгддэг физик үзэгдлээс уран бүтээлд шилждэг нэн өвөрмөц арга барил юм. Өвлийн мөсөн талст, түүний уран гоё эффектүүд санаанд оромгүй байдлаар цаасан дээр үлддэг. Энэ техник нь байгалийн тухайн үеийн байдлаас тухайлбал хүйтний хэмээс шууд хамааралтай юм. Мөсөн талст болон түүнээс үүдэлтэй эффектүүдийг цаасан дээр буулгахад үүссэн дүрсэнд ажиглалт хийн улмаар дүрсжүүлэн зурснаар бүтээл минь бэлэн болдог. Байгаль цаг уурын нөхцөлд зураачийн зүтгэлээр илэрдэг эко бүтээл юм. Уг арга барилыг олон жил эрэл хайгуул хийсний үр дүнд гаргаж ирсэн ба сүүлийн 7 жил энэ арга барилаар дагнан уран бүтээлээ туурвиж байна. Миний бүтээлүүдэд хэрэглэгддэг гол материал нь төрөл бүрийн цаас, тосон будаг /Голланд, Испани, Герман, Итали, Орос, Франц улсуудын зургийн хэрэглэл будаг/ үзэг бийр, багс, тушь мөн Хятад бэх байдаг. Зураасан зургийн ертөнцөд хар цагаанаар сэтгэж дүрслэхдээ янз бүрийн техник ашиглах нь түгээмэл билээ. Одоо гаргах үзэсгэлэнд бэлтгэсэн бүтээлүүдийн агуулга бол Монголын сайхан орон, аав ээжийн нутаг, ёс заншил, удам угсаа, аж байдлын онцлог, хүмүүний ертөнцийн гоо сайхан, ээлжлэн ирэх дөрвөн улирлын жаргалтай амьдралын гайхамшгийн өрнөлийг дүрслэн харуулсан болно. Энэхүү технологийн гол онцлог нь график зураасан зургийн салбарт бас нэгэн төрлийг бий болгож байгаад оршиж байгаа бөгөөд Ice technology буюу мөстүүлэн зурах арга барил хэмээн нэрийдсэн.