Хайх

 
  • Сагс хоосон байна...
Жанрайсэг

 

Монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээнэ. Төвөдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн” гэдэг нь мэлмий, “рэ” гэдэг нь тасралтгүй, “зиг” гэдэг нь харах гэсэн утгыг агуулдаг учраас “Мэлмийгээр болгоогч” хэмээнэ. Жанрайсэг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг тул замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхийн тулд дээдийн дээд амгаланд залрахаа хойшлуулсан гэдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ.

Жанрайсэг бурханд зургаан үлэмж чанар байх агаад тэдгээр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхдын манлай, хаа сайгүй орших увдис болно. Эл зургаан чанар нь там, бирд, адгуус, хүн, асури, тэнгэрийн 6 орны саад тотгорыг арилган сансрын хүрднээс чөлөөлсөн байна. Нэгэн домогт, Жанрайсэг бурхан хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангарагласан тул хэчнээн чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж, аврал эрсэн амьтан бүрд хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан эл байдлыг үзээд зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ хэмээдэг. Тийм учраас Жанрайсэг бурхныг “найман аюулаас аврагч”, “дөрвөн аюулаас аврагч” гэх мэтээр нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсэг бурхан нь хүмүүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг хэмээн ярилцдаг. Жанрайсэг бурхны зүрхэн тарни бол маанийн зургаан үсэг буюу “Ум ма ни бад ми хум” юм.

Жанрайсэг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүлслийн бурхан юм. Бурхдын энэрэн нигүүлсэх сэтгэлээр нэг дүр бүтээе гэвэл Жанрайсэг бурхан шиг дүр гарах юм гэдэг. Тиймээс Жанрайсэгийг бурхдын энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө шингээсэн гэж үздэг байна. Жанрайсэг бурхан нь Мянган мутарт Жанрайсэг, Зөөлөн цогт Жанрайсэг, Найман аюулаас аврагч Жанрайсэг, Хасарваань Жанрайсэг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг. Гандан хийдийн хоймор дуганд буй өмнөх хоёр гараараа тарнийн чагжаа тэмдэг зохион, хойд хоёр гартаа бумба, рашаан барин цэцгэн мандал дээр босоо зогсох наян тохой өндөр Жанрайсэг бурхныг мэлмий нээгч Жанрайсэг гэдэг. Мэгжид Жанрайсэг нь сэтгэлийн хамаг энэлэл шаналлыг арилгаж, нарны гэрлээс ч хамаагүй хүчтэйгээр хүмүүст ивээлээ хүртээдэг ажээ.


- Н.Ижилмөрөн

Жанрайсэг, 2020

Н.Ижилмөрөн , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Гуашь

Материал:

Даавуу

Агуулга:

SKU:

IM120/022-07
 
 
Захиалах



 
Н.Ижилмөрөн
Бүтээлүүд