Хайх

 
  • Сагс хоосон байна...
С.Энх-Амгалан

С.Энх-Амгалан

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт чөлөөт уран бүтээлч.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын ардын зураач Б. Чогсом багшаараа дүрслэх урлагийн хичээл заалгаж, шавь нь болсондоо өөрийгөө азтайд тооцдог. Түүний бүтээлүүд нь Япон, Франц, Герман, Англи, Голланд, АНУ, Канад, БНСУ, БНХАУ, Австрали, Сингапур, ОХУ зэрэг олон орны уран зураг сонирхогч болон  уран зургийн санд хадгалагдаж байдаг бөгөөд 2011 онд  Францын Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн соёлын төвд болсон олон улсын зураачдын үзэсгэлэнд монгол улсаа төлөөлөн “Бороо” хэмээх бүтээлээрээ оролцож, Францын болон дэлхийн нэртэй урлаг судлаач, зураачид, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан.

Монголын уран зургийн галлерейд “Хар азарга”, “Хавар” зэрэг хэд хэдэн уран  бүтээлүүд нь эх хувиараа хадгалагдаж байна.

Түүний бүтээлүүд бодит зүйлийн тусгал гэхээсээ илүү хийсвэр сэтгэлгээ, хурц тод өөрийн гэсэн өнгө зохицол, зохиомж, орон зайн шүтэлцээг дотоод ертөнцийнхөө гэрлийн мэдрэмж, уран сэтгэмжээр чадварлаг дүрслэн үзүүлж байдгаараа онцлог. Тиймээс түүнийг уран зураг сонирхогчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, судлаачид, мөн гадаад дотоодын мэргэжил нэгт нөхөд нь  “Өнгөний мастер” хэмээн тодотгосныг  түүний уран бүтээлүүд нь тод томруун нотолж байна.

Бүтээлийн агуулга нь морьдоос гадна үзэсгэлэнт байгаль дэлхий, ахуй байдал зэрэг модерн чиглэлийн уран бүтээлүүд ч голлох байр суурийг эзэлнэ.

Тэрээр нэгэн ярилцлагадаа: ”Морь гэдэг амьтныг бодитойгоор зуръя гэвэл фото шиг л бууна шүү дээ. Тэгэхээр үүнийг зургийн сургууль төгссөн хэн ч хийчихнэ. Бодит юмнаас хийсвэр дүрийг гаргаж авах бол огт өөр ажил. Өнгөний зохицол, зохиомж, орон зай энэ гурвын шүтэлцээ уран зургийн өөрийнх нь хууль байдаг учраас уран сэтгэмж, хийсвэрлэлээр юмыг хүчтэй өгүүлэх боломжтой л доо. Хэрвээ өнгөний зохицол муу бол тэр зураг солгой хоолойгоор хашхирахтай  л адил.” (Өдрийн сонин 2008.02.29 №049)