Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Туркийн зураач Дениз Сагдыч жинсэн өмдийг өвөрмөц, гайхалтай бүтээл туурвихдаа материал болгон ашигладаг бөгөөд бие болоод ухамсар хооронд орших үзэл баримтлал, сэтгэл хөдлөлийн байдлыг тодорхойлж, дүрслэн харуулахыг хичээдэг. Тэрээр уран бүтээлээрээ дамжуулан хүмүүстэй харилцаа тогтоохыг хичээдэг.

 Дениз Сагдыч 1980 онд Туркийн Мерсин хотод төрсөн бөгөөд Истанбул хотод ажиллаж, амьдардаг. Түүний гэр бүл бараг бүгдээрээ гар урчууд байдаг. Түүний аав нь өнгөт шилээр гайхалтай урладаг бөгөөд түүний хамаатан садан нь бүгд оёдолчин, мужаан эсвэл дизайнер юм. Тэрээр ихэнх цагаа эдгээр гар урлалын цехүүдэд өнгөрөөдөг байсан бөгөөд бага наснаасаа аавдаа шил зүүхэд тусалж будсан шил хийдэг байжээ. Ахлах сургуулийн зуны амралтаараа авга эгчийнхээ урланд хуучин жинсэн өмд оёж, эмэгтэй хүний цүнх болгон зарж анхны орлогоо олж байжээ.

 Тэрээр 1999 онд Мерсиний Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Сургуульд уран зургийн боловсрол эзэмшсэн бөгөөд 2003 онд сургуулийнхаа зургийн ангийг анхлан төгсөж, ур чадварын шалгалт, тэтгэлгээр элсэн орсон. Их сургуульд сурч байх хугацаандаа урлан ажиллуулж, багахан мөнгөөр зураг зарж, зургийн хичээл зааж эхэлсэн. Сургуулиа амжилттай төгссөн учир түүнийг багш хэвээр үлдээх ёстой гэж их сургуулийнхан шаардав. Гэвч тэрээр уран бүтээлчээр үргэлжлүүлэн ажиллахыг хүссэн тул Истанбул руу нүүхээр шийдсэн. Истанбулд өнгөрүүлсэн эхний жилүүд нь санхүүгийн болон сэтгэл зүйн хувьд маш хэцүү байсан ч хэдэн жилийн дараа өөрийн гэсэн студи байгуулж чадсан юм. 2013 онд тэтгэлгээр Догуш их сургуульд аспирантурын зэрэг хамгаалсан.

 Түүний бага насандаа бүтээсэн өвөрмөц хөрөг зургуудыг шүүмжлэгчид, цуглуулагчид, архитекторууд, чимэглэгчид маш хурдан хүлээн зөвшөөрч, тэдгээрийн ихэнхийг архитектурын янз бүрийн орон зайд байрлуулжээ. Тэрээр урлагаа төрөлжүүлж, янз бүрийн арга хэрэгслийг туршиж үзэхэд үргэлж бэлэн байсан. Тэрээр видео урлаг, гэрэл зураг бүтээх урлагийн янз бүрийн хэлбэрийг ашигласан.

 Тэрээр 2016 онд "Ready-ReMade" бүтээлдээ толилуулж байсан бөгөөд үзэл баримтлалын гүн гүнзгий, шинэчлэлтэй нягт уялдаатай байдгаараа ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Түүнийг ийм зүйл хийх болсон шалтгаан нь тухайн үед урлагийн ертөнцөд байнга яригддаг байсан урлагийн талаарх үзэл баримтлалын хэлэлцүүлгээс үүдэлтэй юм. "Таны мэдэж байгаагаар тосон зураг, уран баримал гэх мэт сонгодог урлагийн аргуудыг ашиглахын оронд энгийн объектуудыг байгаагаар нь харуулахыг концептуал урлаг гэж нэрлэдэг. Концептуал урлагийг техник гэж хүлээн зөвшөөрч болох ч энэ нь алдаа юм. Урлагийн үзэл баримтлал нь зөвхөн концептуал урлагийн техникээр л боломжтой гэж үзэх нь "Нөгөө талаараа бараг бүх урлагийн байгууллагууд концептуал урлагийг үзэгч олондоо хамгийн шилдэг, эсвэл цорын ганц арга зам мэтээр үзүүлж эхэлсэн.

 

 Ready-ReMade төслийг эхлүүлэхээс өмнө тэрээр тосон будгаар эд зүйлсийг зурах гэх мэт сонгодог урлагийн аргуудыг ашигладаг байжээ. Ийнхүү тэрээр урлагт байгаа ойлголт зөвхөн концептуал урлагаар хязгаарлагдахгүй, урлагт байгаа ойлголт өмнө ч одоо ч байсан, тэр ч байтугай санаагүйгээр эцсийн урлаг оршин тогтнох боломжгүй гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. "Нэг өдөр би эдгээр төслүүдийг бодож байхдаа энэ энгийн зүйл яагаад миний шүүгээн дэх жинсэн өмдний минь нэг хэсэг байж болохгүй гэж бодсон. Энэ удаад би шүүгээнээсээ жинсэн хувцсаараа хөрөг зурлаа. "Энэ анхны туршилт нь би жинсэн өмдний хязгааргүй, гайхалтай боломжуудыг судалсан бөгөөд тэр үед би энэхүү боломж, туршлага, цоо шинэ ертөнцийг нээж илрүүлсэн.

 "Жинсэн өмд бол техникийн боломжуудтай уран бүтээлчдийн хувьд гайхалтай материал юм. Анхны туршлагаасаа хойш би төсөл болгон дээр жинсэн өмдний шинэ шинж чанарыг олж мэдсэн. Та жинсэн өмдийг эвдрэхээс айхгүйгээр тайрч, янз бүрийн хэлбэр дүрс үүсгэж болно. Та үүнийг сунах, нугалах гэх мэт замаар баримал шиг 3D хэлбэрт оруулах боломжтой. Заримдаа би хайчилж, нааж, хивс шиг нэхэж хүссэн хээгээ бүтээдэг. Жинсэн өмдний бүх эд ангиудыг ашигладаг - халаас, шошго, товч, тэр ч байтугай цахилгаан товч хүртэл өөр хувцасны үндсэн материал болж чаддаг."

 Эдгээр шалтгааны улмаас тэрээр жинсэн өмд нь зөвхөн материал төдийгүй хэл болгон ашигладаг. Тэрээр жинсэн өмд ашиглан хүний нүүр царайг байнга бүтээж, бидний мартсан соёл эсвэл санахад хэцүү байдаг үндсэн зарчим буюу хүний ой санамжийг сануулдаг. Түүний бүтээлүүд нь зураачийн хувьд маш чухал хоёр ойлголт болох дахин ашиглах, дахин боловсруулахын ач холбогдлыг онцолдог. 

 Саяхан зураач Истанбулын нисэх онгоцны буудалд аялагчдын орхиж хаясан төрөл бүрийн хуванцар сав, уут, олон өнгийн товч, цаас, кабел, батарей зэрэг олон төрлийн хог хаягдлыг урлагийн бүтээл болгон хувиргажээ. Тэрээр 2022 оны 1-р сард Истанбулын нисэх онгоцны буудалд үзэсгэлэнд тавигдсан янз бүрийн үндэстний онцлог шинж чанартай 20 хөрөг зургийг гүйцэтгэсэн. Үзэсгэлэн нь зочдод экологийн амьдралын хэв маягийн талаар санаа сэдэл өгөхийг хүссэн бөгөөд дахин боловсруулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Орчуулж бэлтгэсэн: Эрдэнэбат Ариунгуа

Arty

ArtyArtyArty